ЛЕКЦ НӨХВӨРЛӨХ БИЧВЭР: ТӨВӨД, МОНГОЛЫН ФИЛОСОФИ СЭТГЭЛГЭЭ

1.Төвөдийн соёл иргэншил, Төвөд, Монгол газраа буддын шашин дэлгэрсэн нь
Төвөд (བོད།) болбоос хүн төрөлхтний эртний соёл иргэншлийн өлгий нутгийн нэг билээ. Энэтхэг, Хятад гэх хоёр том соёлын уулзвар заагт үүссэн боловч харьцангуй бие даасан хэлбэртэй хөгжиж ирсэн соёл бол Төвөдийн соёл юм.
Төвөд үндэстэн чухам хаанаас салбарлан үүсэв ээ?
Хаанаас үүссэн бэ гэдгийг өнөөдөр бардаачлан хэлэхэд төвөгтэй. Тэднийг Төв юм уу Зүүн Азиас үүссэн гэх баримт олддоггүй. Хятад, Бирмтэй хамт Хятад-Төвөд хэлний язгуурт багтдагийг бодоход эдгээр ард түмэн нэг үүсвэртэй ч байх магадлалтай. Гэвч Төвөдийн соёл зэргэлдээ улсуудын соёлоос харьцангуй бие даан хөгжиж ирсэнийг нотлох түүхэн баримт, эд өлгийн зүйл бидний үе хүртэл багагүй хадгалагдан үлджээ.
Төвөд нутгаас олдсон хамгийн эртний археологийн олдвор 50 орчим мянган жилийн настай байна. МТӨ VI зууны үед хамаарах шинэ чулуун зэвсгийн үлдэц хүртэл олджээ. Мөн мал аж ахуй, газар тариалан эрхэлж байсан баримт олддог. Нийслэл Лхасаас холгүй орших өндөр хөгжсөн, шинэ чулуун зэвсгийн Чойгун соёл нь Төвөд дэх хүрэл зэвсгийн үеийг билгэддэг байна.
Төвөд нутагт үүссэн анхны улс Ярлунг мөрнөөр төвлөж байсан тул Ярлунгийн улс хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Хэдий үед бий болсон гэдэг тодорхойгүй. Ярлунгийн улсыг цүглэгч Нитрэ цэнбо (གྲི་གུམ་བཙན་པོ།) идэвхтэй гадаад бодлого явуулж, хөрш улсуудаа уулгалах замаар өөрийн улсын үндсийг тавьсан гэх хуучид байна. Тэрээр улсын тэргүүн балгад, сүүлээр гэлүба урсгалын хийд болсон Ямболаган Ордон (ཡུམ་བུ་བླསྒ)-г Ярлун мөрний эрэг дээр байгуулжээ. Харамсалтай нь, нотолгоожуулах баримт өнөө хэр алга байна. 
Бидний үед байгаа баттай мэдээгээр Ярлунг улсын гучин гурав дахь цэнбо Сронзангамба (སྲོང་ཙན་སྒམ་པོ།)-ын үед ихэд хүчирхэг шинж орж, улс гэрийн төрх олохын дээр идэвхтэй гадаад бодлого явуулж, бичиг соёл, элчин харилцаа, хүчин чадлын хувьд нэн хэтийдсэн байна. Улсын нийслэлийг нүүлгэхийн зэрэгцээ бурхдын өлгий Лхас хотыг байгуулж, Бодала Ордон (པོ་ཏ་ལ།)-г цогцлоожээ. 
46 жилийн туршид цэнбо сууринд залрахдаа Сронзангамба 619 онд эснэсэн номт түшмэл Тонми-Ану (ཐོན་མི་་ནུ།) овогт Тонми-самбдо (ཐོན་མི་ས མྦྷོ་, монголчилбоос “номч төвөд” хэмээх үг болно.) гэгчийг Энэтхэг газраа зарж, ལི་བྱིན། нэрт бярманд шадарлуулснаар ланз, сав, варду үсгээс үлгэр авч, шар (གཤར་མ། ) буюу өөрөө бүтсэн хэмээх төвөд үсгийг зохиомжилжээ (Тэрбиш, 2004, хуудсд. 1-6). Сац бас төвөд үсгийн найман зүйл их шастир зохиосноос цагийн эрх, цөвүүн үйлийн үрээр зургаа нь үрэгдэж, སུམ་ཅུ་པ། , རྟགས་འཇུག་ гэх хоёр бүтээл нь уламжилж ирсэн байна. Цэнбо Сронзангамба бичиг соёлын үйл ихэд хөгжөөхийн зэрэгцээ өмнөд орноо үүссэн буддын суртхаалыг Төвөд газраа анхлан дэлгэрүүлж, сэтгэлгээний хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ. Гадаад бодлогын хувьд хөрш улсуудаа дайлах, элчин харилцаа тогтоох, Тан улстай эрх тэгш харилцах, бичиг, захидал солилцох, төрийн байгууллыг чамбайруулах, улсын тэргүүн хотыг цогцлоох зэрэг олон үйлийг сэджээ. Хэдийгээр түүний удмын ёсгүй цэнбо, үхэр толгойт གླང་དར་མ་། гэгч өөрийн дүү རལ་་ཅན་། нэртээ хөнөөж, улсын эрхийг хүч мэдэн авч шашин үндсэнд ихэд хөнөөл болсон ч тэнгэрийн цаг дор болж нөхчив. 
Үүнээс хойчид Төвөд, Монгол газраа буддын суртхаал үлэмж дэлгэрч хүн амьтанд дээдийн үйл хөгжөөх үндэс болов. Төвөдийн дараачаар дэлгэрсэн Монгол оронд буддын суртхаал гурван янзаар хувилж хөгжжээ. Эхнийх нь Нирун улсын Шэлүн хааны үе болно. Дараач нь Хубилай Сэцэн хааны үе болно. Сүүлээр Түмэд аймгийн Алтан хаанаас эхлэн Монгол газраа буддын суртхаал, тэр дундаа гэлүба урсгал ихэд хөгжиж машид гайхамшигаар дэлгэрчээ.
2. Буддын суртхаал, мөн чанар, үндсэн ойлголт
Буддын суртхаалыг Энэтхэгийн цолгорсон гүн ухаантан Сидхарта Гаутама хөгжүүлсэн хэмээн мэргэд номложээ. 2500 орчим жилийн өмнө анхлан цүглэхдээ хүмүүний зөв амьдралын сургаал хэлбэрээр цогцлоосон гэнэ. Буддын суртхаал оршихуйн дараах гурван зарчимд тулгуурлана. Үүнд:
·         Аничча – бүх зүйл мөнх бус, байнгын хөдөлгөөнд орших зарчим:
·         Анатман – би үгүйн зарчим. Тусгаар, бүхнээс онцлог, дээгүүр хүч гэж үгүй. Бүх зүйл угтаа нэг мөн чанартай:
·         Дуккха – бүх зүйлийн үндэс үйлийн үр, зовлон мөн гэх зарчим:
Хоёр дахь семинарын асуулт:
·         Хоосон чанар гэж юуг хэлэх вэ?
·         Чатвари арьясатьяни буюу ертөнцийн дөрвөн үнэн гэж юу вэ?
·         Зовлонгийн хичнээн урсгал байдаг вэ?
·         Зовлонгийн их дүр гэж юуг хэлэх вэ?
·         Үйлийн үр гэж юуг хэлэх вэ?
·         Арван хар нүгэл гэж юу вэ?
·         Арван хар нүглийг хэрхэн тэвчих тухай дахь таны бодол ямар буй?

Ном зүй

Тэрбиш, Л. (2004). Төвөд хэл бичигт суралцах дэвтэр. Улаанбаатар хот: МУИС Пресс ХХК.
 Этүгэн Их Сургуулийн Уламжлалт Анагаах Ухааны Салбарын нэгдүгээр ангийн оюутнуудад амжилт хүсэе. Даалгаврын дагуу семинарт бэлдэж ирэхийг анхааруулж байна.
БЭЛТГЭСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН БАГШ, ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

ХАРИЛЦАХ УТАС: 80990613

Comments

Popular posts from this blog

ЭРТНИЙ ГРЕК-РИМИЙН ФИЛОСОФИ

СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХ, СОЁЛ ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦ, СЕМИНАРЫН ХАРЬЦАА

ЭРТНИЙ ЕГИПЕТИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖИЛ