ЭРТНИЙ ЕГИПЕТИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖИЛ
Эртний Египетийн анагаах ухаан — нь НТӨ XXXIII зуунаас НТӨ 525 он буюу Парсиг
улсын довтолгоонд нэрвэгдэх хүртэлх хугацаанд оршин байсан эртний Мисирийн эм
эмчилгээний тогтолцоо болно. Эдүгээчлэн авч үзэхэд болхи, бүдүүлэгийн туйл мэт
боловч өгүүлэн буй цаг үедээ тэргүүний, дэвшилтэт эм, эмчилгээний арга хэрэглэж
байсан талаар өрнө, дорнын олон мэргэд шастир чуулбартаа тэмдэглэсэн нь буй.
Ялдарлан өгүүлэхэд дараа үеийн Грек-Рим, Энэтхэг, Хятад тэргүүтэн олон газрын
эм эмчилгээний хөгжилд зүйрлэшгүй ул мөрөө үлдээсэн гайхамшигт нэгэн тогтолцоо
мөн буюу.
Мисирт анагаах ухааны үйлийг
пастофор хэмээн нэрлэгдэх лам нар эрхэлнэ. Анагаах ухааны мэдлэг жирийн хүнтэй
бус, Осирис, Изида, Гор, Баст, Тот зэрэг бурхадтай холбогдоно. Лам нар зөвхөн
ариун бичээст тусгагдсан аргаар хүн амьтныг эмнэнэ. Харин түүнийг өөрчлөх эрх
лам нарт байхгүй. Анагаах үйл эрхлэгч лам нарыг тусгай сургуулиар бэлтгэнэ.
Эртний Дорно Дахины бусад
орнуудаас ялгаатай нь Мисирийн анагаах ухаанд гигиен гэж нэрлэгдэх хүний зөв
амьдрахуйн дадал зуршлийг тэжээн сургаж, оюун ухаан, бие махбодийн хувьд эрүүл
саруул иргэн төлөвшүүлэх мэдлэгийг чухалчилна. Хожмоо еврей үндэстэн тэдний энэ
санааг уламжлан авч ариун бүтээлдээ өгүүлсэн байдаг. Гурван өдөрт нэг удаа хүн
биеэ ариусгаж, унд, хоол тэвчин мацаг барьж байх учиртай. Энэ бол эрүүл биеийн
үндэс мөн гэж сургана. Түүнчлэн хөдөлгөөн биеийг эрүүлжүүлэх үндсэн нөхцөл
болох тухайд цэгцтэй үзэл санааг хөгжүүлсэн байна. Хүний бие махбодыг дөрвөн
зүйлийн декан буюу ухаан удирдана. Хүн жил тутам 6.5 кг жин хаясаар эцэстээ
сарниж одно. Үүнийг үхэл гэнэ. Мисирчүүд нийтдээ 700 гаруй байгалийн гаралтай
эм, эмчилгээний жор мэддэг байжээ. Тэд хар тамхийг эм, эмчилгээний чухал
хэрэглэгдэхүүн гэж үздэг байв.
Олон зууны туршид хүн төрөлхтөн эртний
Грекийн сэтгэгчдийн туурвилд дулдуйдан Мисир орны эм, эмчилгээний талаар бүрэг,
бараг төсөөлөлтэй явж иржээ. Гэвч Мисир дэх анагаах ухааны чухам үнэнийг
тусгасан гулдмал бичгүүд 1822 онд олдсон нь энэ орны мэдлэг ухааныг танин
мэдэхэд чухал хэрэглэгдэхүүн болсон билээ. Хүний бие эрхтэний талаар, өвчин
эмгэг гэж юуг хэлэх, хэрхэн эмчлэх тухайд мисир хүмүүс багагүй мэдлэг
хуримтлуулсаныг мэдэж болох байна. Дээр дурдсан гулдмал бичгүүдэд олон зуун
өвчин эмгэг, тэдгээрийг илааршуулах арга ухааны талаар өгүүлсэн байдаг.
Эдгээрээс
дурдвал:
·
Кахуны
гулдмал бичээс (НТӨ 1850 оны орчимд хамаарна) нь эмэгтэйчүүдийн өвчин, эмгэгийн
тухайд өгүүлсэн байна. Гулдмал бичээс тооны ухаан, мал эмнэлэг, анагаах ухаан
гэх гурван хэсгээс бүрдэнэ. Анагаах ухааны хэсэг гурван зүйлээс бүрдэнэ. Эхний
хоёр зүйлд нь эмэгтэй хүний өвчин, эмгэгт хэрэглэгдэх 17 нэр төрлийн эм,
эмчилгээг дурдсан байна. Эм, эмчилгээний аргад сүү, шар айраг, ургамлын нэр
төрлийг багтаасан байдаг. Гурав дахь зүйлд ургийн хүйс тодорхойлох,
жирэмслэлтийн байдлыг тогтоох (эхийн
нүүр, нүдний өнгө, хөх зэргээр)
тэргүүтэн 17 зөвлөмжийг багтаасан.
·
Рамессумын
гулдмал бичээс ( НТӨ 1850 оны орчим) — нь ихэнх анагаах ухааны бичээсийн
нэгэн адил үсгээр бус, дүрстээр бичигдсэн болно. Эхний гулдмал бичээст төрж буй
хүүхдийн хүйсийг тодорхойлох, шинжлэх, амьдрах чадварыг тогтоох зэргийг дурдсан
байдаг. Хоёр дахь нь цэвэр анагаах ухааны шастир боловч бүрэн эхээрээ олдоогүй.
Бидний үе хүртэл хадгалагдсан хэсэгт өвчин эдгээх 20 орчим аргын талаар
өгүүлсэн байна.
·
Смитийн
гулдмал бичээс (НТӨ 1550 оны орчим) –т өвчинг эдгээх, биеийг
илааршуулах зөвлөмж боловсруулж, 48 нэр төрлийн эм, эмчилгээний жорыг өгүүлсэн
байна.
·
Эберсийн
гулдмал бичээс (НТӨ 1550 оны орчим) –т 250
өвчин, тэдгээрийг эдгээх 877 зүйлийн арга, 900 эмчилгээний жорын талаар
өгүүлсэн.
·
Бругшийн
гулдмал бичээс (НТӨ 1400 оны орчим) –т хүүхдийн
өвчин, эмгэгийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Гэхдээ уг бүтээл бүрэн
эхээрээ бидний үе хүртэл хадгалагдаж ирээгүй.
Эртний
Грекийн цолгорсон түүхч Хэродит Мисирт эмч нар хэрхэн мэргэшиж, төрөлжиж байсан
талаар дурдсан байна. Тэрээр «тархины, шүдний, үл
харагдах өвчний гэх зэргээр эмч бүр өвчний нэг нэг төрлөөр мэргэшсэн байдаг. Үүний
зэрэгцээ эм, эмчилгээний бэлдмэл бэлтгэгч эмч хүртэл байв» хэмээн бичжээ.
Гэвч энэ нь Мисирийн түүхийн сүүл үед хамаарна. Эмч нар өмнөх үед мэргэшиж
байсан гэж үзвэл тэр нь зөвхөн эзэн хааны ордны хүрээлэлд оршиж байв. Эртний
Мисирт эмч нарын нэр хүнд ихэд өндөр байсан бөгөөд тиймдээ ч хөрш зэргэлдээ
улсын хаад мисир эмчид хүндэтгэлтэй ханддаг байжээ. Имхотэп, Мэрит Птах, Пэсешит (анхны эмэгтэй эмч) тэргүүтэн олноос цолгорсон нэртэй эмч нар төрөн гарч
байжээ. Хэдий энэ мэт боловч тэр цагийн бичээс бүрт нэгбүрчлэн итгэх аргагүй
билээ. Учир нь үлгэр, туульс тэргүүтэн бодит амьдралаас тасарсан зүйл ихээр
агуулагдсан байдаг.
Мисирт өвчин,
эмгэгийг эдгээх тухайд ид шид, эм эмчилгээг зэрэгцүүлэн хэрэглэхийг чухалчилдаг
байжээ. Өвчтэй бие гэгч чөтгөр, шимнуд эзэмдүүлсэн бие болно. Хэрэв чөтгөр,
шимнуг биеэс хөөж эс чадвал хичнээн сайн эм тан хэрэглээд тусыг үл үзүүлнэ. Сайн
эмийн тусыг өвчин хураасан биед үзүүлэхийн урьд түүнд агуулагдах чөтгөр, шимнуг
хөөн зайлуулбаас зохино. Хэрэв чөтгөр, шимну зайлуулагдаж чадвал биед эмийн
тусыг үзүүлж болно гэж үзнэ. Хүний биеийн анатоми бүтцийн талаар бүрэг бараг мэдэх
ч эрхтэн тус бүр бие организмд хэрхэн, ямар байдлаар нөлөөлдөг тухайд нарийн
мэдлэг хуримтлуулж чадсангүй. Тухайлбал, хүний сэтгэхүйн эрхтэн бол зүрх гэж
үзэж байх жишээтэй. Үүнээс гадна, Мисир эмч нар хүний даралтыг хэмжиж, оношилж
чаддаг байжээ. Нил мөрөн олон цутгалангаас тогтдогийн нэгэн адил хүний бие
организм ус, агаар, цусаар тэжээх үүрэгтэй олон сувагтай байна гэж үзсэн. Хэрэв
аль нэг суваг нь бөглөрвөл бие эрхтэний байдалд нөлөөлж, өвчин эмгэг үүсэх
шалтгаан болно. Өвчин эмгэгийг тэд эмчлэгдэх өвчин, эргэлзээтэй өвчин,
үл эмчлэгдэх өвчин гэж гурав ангилна.
Эцэст нь тэмдэглэн
хэлэхэд эртний Мисирт шүдний өвчлөл их байжээ. Заримдаа энэ нь үхэлд хүргэх
шалтгаан болдог ч байв. Ихэнхдээ шүдний өвчнийг түр зуур намдаах зорилгоор хар
тамхийг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг байжээ.
ТОЛМОЧИЛСОН:
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, ДОКТОРАНТ НЯМААГИЙН
ОТГОНБАЯР
Comments
Post a Comment